Одоогийн IT-ий бүх зүйлүүд манайд шинээр орж ирсэн гэхэд болно. Зурагт бол яахав, нилээн дээр үед орж ирсэн ч бусад нь бараг бүгдээрээ л 90 оноос хойш нэвтэрч, хэрэглээ болжээ.
Зурагт
Бага байхад л хар цагаан Рекорд гэдэг зурагт айл бүхэнд байдаг байлаа. Оросын хар цагаан зурагт угаасаа бүр бидний аав ээжийг бага байхад л айлууд хэрэглэж эхэлж байсан гэсэн. Харин намайг бага байхад зарим нэг айлууд нь том авдар шиг өнгөт зурагттай байлаа. Аав бас л өнгөт зурагт авчраад л засаад л, ухаад л суугаад байдаг байж билээ. Овоо хэд хоног гарч байснаа гарахаа больчихно. Хүнээс хямдхан авсан юм гэлүү яалаа. Тэгж тэгж тэр зурагт бүр алга болчихсон. Буцаасан юм уу, яасын бүү мэд. Хар цагаан зурагттайгаа үлдээд нэг их удалгүй нэг жижиг өнгөт зурагттай болсон юм даг. Монел-ийнх билүү. тэгээд нөгөө муу Рекордоо хужаа компьютер тоглодог болгоод зиндаа бууруулсан чинь харин нэг их удаагүй цагаан дүрснээс өөр юу ч гарахаа больчихож билээ. Тэр үед хужаа компьютер орж ирээд нөгөө муу өнгөт жижигхээн зурагтаа жигтэйхэн их хайрлаад хэмнээд байсан хэрэг байхгүй юу.
Магнитфон ба приставка
Нэг кассет ордог цагаан оросын хөгжим бол манай анхны хөгжим байсан. Ээж Эрхүүгээс авчраад том жижиггүй бөөн хөл болж билээ. хэдэн жилийн дараа нь чихэвчний хөгжим гараад л, тийм хөгжим сонсоод явж байгаа хүүхэд од байдаг байв. Харин приставкатай айл бол нилээн гайгүйдээ орно. Гэхдээ тэр үед айлууд хоорондоо баахан дамжуулж хэрэглэдэг байсан.
Компьютер тоглоом
Тэр үед нэг ах маань наймаа хийдэг байлаа. Одоо үеийн айл бүхнээс нэг хүн Со-д ажиллаж байгаа шиг, тэр үеийн айл бүрийн нэг хүн наймаа хийдэг байлаа. Тэр ах л хужаа компьютер авчирч өгөөд биднийг эрхлүүлж байсан үе. Тэр үед эхлээд танк од болж байсан үе. Том жижиггүй тоглоно. Харин тоглоомууд нь элбэг болоод ирэхэд арай сонголт ихтэй болсон. Аав биллиард тоглоод л, би танк тоглож байхад манай дүү Кун-фу тоглоно. Алтны хулгайч гоё ч хэцүү санагдаад байдаг байсын. Хэдэн үе даваад л цаашаа явахгүй. Нилээн сүүл рүүгээ Марио жинхэнэ хит болсон доо.
Гэхдээ компьютераас өмнө тетрис нэг хэсэгтээ л хит байлаа.
Ажлын компьютер
Ахлах ангид байхдаа л там тум танилцаж байлаа. Мэдээлэл зүйн багш ч тэр үед ховор байсан үед эхний жил нь оюутан хальт орж байсан санагдаж байна. Хэдхэн ширхэг компьютер дээр тав зургаагаараа шавааралдаж суугаад, юугий нь ч ойлгохгүй MS-Dos, Norton дээр баахан комманд өгөөд л файл хуулах, устгах дасгал жаал хийсэн байх. Ер нь бол тэр компьютер гээч юм юунд хэрэгтэй, ямар ач холбогдолтойг ч сайх ухаарахгүй л энэ хичээлийн дүнг гаргасан болж байв. Яагаад гэвэл ерөөсөө орохгүй байж байгаад дүн гарах болсон чинь 14 хоног ч билүү хальт орсон болоод дүн гарсан болж байсан юм даг. Дараагийн ангид нь бас орохгүй байж байж нэг өдөр захирал өөрөө орж ирэнгүүтээ тэр өдөр байсанбүх хүүхдийг онц гаргаад, байхгүйнүүдийг нь сайн гаргаад явчихаж билээ. Мэдээлэл зүйн хичээл ингэж л орсон.
Реферат энэ тэрээ гараараа бичдэг байлаа шд. Улаан юмуу, хөх балаар бичгийн цаасаа хүрээлээд л... Нэг удаа манай ангийн хүүхэд эгчийнхээ ажил дээр хийсийн гээд компьютер дээр шивээд, хэвлүүлээд нээх гоё реферат хийж ирж билээ. Тэгсэн чинь түүхийн багш тэрийг нь хэтэрхий хар, гашуудлын байна, өөрчлөөд ир гээд аваагүй. Учир нь багшийн гэр бүлд нэг юм тохиолдсон гэсэн яриа гарсан байсын.
Дараа нь их сургуульд ороод pentium 4-тэй лаб-д ороод л энэ пс дээр их юм хийж болох нээ гэдгийг ухаарсан гээд хэлчихвэл бараг буруудахгүй дээ.
2001 оны үед гэртээ компьютертай болоход 8 Gb-н хардтай байлаа. Хүмүүс сонсохоороо том хардтайгий минь гайхдаг байж билээ. Ойр зуурын хэдэн програмаа суулгаад, дээр нь лав 300 гаруй дуу, 20 гаруй видео клиптэй, баахан зурагнуудтай лут сантай хүн суудаг байлаа. Мэдээж энэ хэдийгээ хүн амьтнаас авахдаа хардаа салгаад л зөөнө.
Гар утас
Гар утаснаас бүр өмнө пэйжир гарч ирээд л гоё гоё рекламууд зурагтаар гардаг байлаа. Дараа нь гар утас гараад зөвхөн боссууд хэрэглээд л. Тэгж байтал оюутан байхад ганц нэг хүүхдүүд гар утас барьж эхэлсэн. Автобусанд гар утасны хонх дуугарахад бүгд хардаг байсан тийм л үе. Харин хаа очиж гар утас нилээн эрчимтэй дэлгэрсэн. Авсан утас хэдхэн сарын дараа үнэ нь навс унаж, хоцрогддог байлаа. Би нилээн сүүлд гар утас барьж эхэлсэн. Нэг их хөөрхөн жижигхэн утас бариад скайтелийн хэрэглэгч болж байлаа. Яг л миний хувийн туслах шиг сайхан байсаан. Дотно мессежүүдээ дуртай үедээ явуулаад л, хайрттайгаа хамаагүй яриад л, цаг товлоход хүртэл сайхан.
Интернэт
Оюутан байхад нөгөө сайхан лаб маань нэттэй болсон. Тэгэхэд бүгдээрээ yahoo дээр хаягтай болцгоогоод, дараа нь mirc гэдэг програмаар зад чатладаг болж билээ. Мэндчилгээ бол бидний өргөн хэрэглээ байсан. Дараа нь хөгжим дууны сайтаар хэсч, оддын зураг үзээд, тэрийгээ писи дээрээ хадгалаад, хэрвээ гэртээ компьютертай бол тэр зургуудаа уян дискээр зөөгөөд сайхан байлаа. Охид ихэнхдээ Со киноны жүжигчин хүүхнүүдийг үздэг байлаа. Одоо уян диск юу болоод хувирчихсаныг та бүгд мэдэж байгаа байх. Уян дискийн зай ямар билээ, бурхан минь гэж 3,5 хан Mb биз дээ, зөв билүү буруу билүү, мартчихсан байна шүү. ер нь юу багтдаг байсын болоо, гэхдээ л юм зөөгөөд л байдаг байсан даа. Одоо тэгсэн хэдэн гегагийн флэш гарчихаад байна.
за ингээд бичээд байвал CDRom, принтер гээд зөндөө юм байна өө. Орчин үеийн хөгжилтэй бол зүйрлүүлэх аргагүй. Гэхдээ л дээрх өнгөрсөн баларсан юм шиг харагдаад байгаа түүхүүд ердөө 10 гаруйхан л жилийн өмнө шдээ. Үсрээд л 15 жилийн өмнө 1990-1993 оных байгаа. Нээрээ шүү.



Сэтгэгдэлүүд:
Тийм бага үзүүлэлттэй байсан гэхээр итгэж өгдөггүй юм аа.
Удахгүй хэдэн жилийн өнөөгийн компьютер хүүхдийн тоглоом аятай болчихсон байвал гайхахгүй л юм байна даа.
3.5 inch buguud 1.44MB bagtaamjtai
Сэтгэгдэл үлдээх: